Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.27.2009

Кака:Би Зиданы Залгамжлагч биш


За энэ мэдээг би өөрөө хуулж бичээгүй ч. Уншсан чинь дажгүй юм шиг санагдхаар нь орууллаа.
Энэ мэдээг Өдрийн Сонины сэтгүүлж Ж.Нанжид гэгч эрхэм оруулж байсийн байна. Тэрийг нь блог этрээр хэсч байгаад олж уншлаа. Зураг мургийг харин би нэмцэн. За тэгээд унших нэг нь уншаарай. 

Хэрвээ Кака шүдний ооны рекламд тоглосон бол хамгийн сайхан модель болох байлаа. Гэхдээ ганц оо гэлтгүй бараг бүх зүйлд тэр шүү дээ. Зөвхөн сахиусан тэнгэрүүдэд л Какагийнх шиг сайхан инээмсэглэл байдаг болов уу. Рикардо Изексон дос Сантос Лейте бол дэлхий ертөнц дээр болж буй сайн сайхан зүйлсийн төлөө бурханд үргэлж талархаж байдаг ер бусын сүсэгтэй хүн юм. Тэр хүүхэд ахуйдаа нуруундаа хүнд гэмтэл авсан бөгөөд чухамхүү бурхны ачаар л эргэн босч, хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглох болсон гэж боддог. Гоол хийх болгоныхоо дараа хоёр гараа дээш өргөн тэнгэр рүү харж, долоовор хуруугаа гойзойлгодог нь бурханд талархаж буйн илрэл юм. Түүнтэй ярилцахад тун таатай байдаг гэнэ. Тэр ярих болгондоо гараараа ямар нэгэн хөдөлгөөн хийдэг аж. Заримдаа тэр гартайгаа яриад ч байгаа юм шиг санагддаг. Энэ хүний эсрэг торгуулийн цохилт өгөх боломжгүй. Учир нь тэр бүдүүлэг тоглолттой нэгэн биш. Бразилын шигшээтэй хамт 2002 оны ДАШТ, “Милан”-тай цуг 2003, 2007 оны Аваргуудын лигт түрүүлж, 2007 оны дэлхий болон Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон нь цөөхөн хэдэн тамирчинд тохиох хувь билээ. Гэхдээ тэр дээрх амжилтууддаа сэтгэл ханасангүй, “Милан”-д байснаасаа илүү ихийг хийхийн тулд “Реал”-д шилжин ирээд байна. Түүнийг хөлбөмбөгийн түүхэнд К.Роналду, З.Зидан нарын дараа орох өндөр үнээр Испанийн баг худалдан авсан билээ. 




-Таныг  “Реал”-ын хөгжөөн дэмжигчид Зиданыг залгамжлахаар энэ багт ирсэн гэдэг?
-Ингэж хэлсэн нь нэр төрийн хэрэг юм. Гэхдээ надад өөрийн гэсэн бодол бий. Хөгжөөн дэмжигчид намайг Зидантай адил хэмжээнд тоглох чадвартай гэж үнэлж байгаа боловч би түүний залгамжлагч нь биш ээ. “Реал”-д анх ирэхдээ Рауль бол зөвхөн Рауль, Ди Стефано бол Ди Стефано байсан шүү дээ. Тэд өөрсдийн тоглолт, энэ багт авчирсан цомоороо домог болон хувирсан хүмүүс. Клубийн түүхэнд үлдэхийн тулд нэг хоёр жил сайн тоглох биш өөрийн амьдралын бүхэл бүтэн үеийг гялалзтал өнгөрөөх хэрэгтэй.
-Гэвч ямар нэгэн зүйлээрээ Зидантай адилхан юм биш үү?
-Бид адилхан байрлалд тоглодог. Талбай дээрх үүрэг маань ч ойролцоо. Холбогчийн үүргийг гүйцэтгэж, довтлогч нарт гоол хийхэд нь туслах бидний гол зорилго юм даа.
-Та яагаад сая “Реал”-д ирсэн юм бэ. Өмнө нь ирэх боломж байсан шүү дээ?
-Хэдэн жилийн өмнөөс намайг энд ирэх нь гэсэн цуу гарсан. Би тухай бүрт нь үүнийг няцааж байлаа. Хэрвээ “Милан” намайг зарахыг хүсэх юм бол би явна гэдгээ хэлж байсан. Харин тэд нэгэн сайхан тохиолдлоор “Реал”-ын ерөнхийлөгч Ф.Перестэй гэрээ хийсэн юм. Тэдний санал нь надад ихэд таалагдсан бөгөөд миний гэрээнд урьд нь байгаагүй хэд хэдэн таатай нөхцөл тусгагдсан байгаа.
-Таны солилцооны өртөг 65 сая евро болсон нь ямархуу сэтгэгдэл төрүүлэв?
-Намайг худалдан авахын тулд “Реал” ингэж их чармайсан нь улам сайн тоглох хүслийг минь бадраасан. Яагаад гэвэл би бол жирийн хөлбөмбөгч биш, сонгогдсон хүн шүү дээ. Чухам ийм учир бусдаас илүү тоглох ёстой. Би өөрийгөө онцгой гэдгээ мэднэ. Бага байхдаа усан сангаас унаж, нуруугаа хүнд гэмтээж байлаа. Эмч нар ээжид минь намайг дахин хөлбөмбөг тоглож чадахгүй гэж хэлсэн ч би эргэж ирсэн. Энэ бол онцгой тохиолдол.
-Танд “Реал”-ын шинэ дасгалжуулагч зөвлөгөө өгч чадах уу?
-Тэгэлгүй яахав. Тэр бол миний дарга. М.Пеллегрини надад өөрийнхөөрөө тайван тоглохыг зөвлөснөөс гадна ард чинь К.Роналду, К.Бензема нар байгаа шүү гэж хэлсэн. Манай багт шинээр олон сайн тоглогч ирсэн болохоор дасгалжуулагчийг маш хүнд ажил хүлээж байгаа. Түүнд хэнийг нь гарааны бүрэлдэхүүнд гаргаж, хэнийг нь нөөцийн суудалд үлдээхээ шийдэхэд амаргүй байх. Бид хоорондоо хурдан ойлголцож сурах хэрэгтэй. Үүнээс л багийн амжилт шалтгаална. Хэрвээ манай багийнхан тоглолтоо олж чадахгүй, хөгжөөн дэмжигчдийн сэтгэл алдарч эхэлвэл би маш их харамсах болно. 



-Ур чадвартай олон тоглогчид хамтраад сайн тоглоход тийм хэцүү гэж үү?
-Орчин үед хөлбөмбөг өөртөө маш олон зүйлийг агуулж байгаа. Одоо Мадридад байгаа авьяастнуудад цаг нь болохоор маш их зүйл хэрэгтэй болно. Жилийн дараа гэхэд бид өөрсдийн үүргээ цээжилж, мэдрэмжээрээ тоглодог болно гэдэгт итгэлтэй байна.
-“Реал” Бразилын шигшээтэй адилхан уу?
-Бразил бол дэлхийн хамгийн шилдэг шигшээ баг. “Реал” манай шигшээ шиг олон сайхан ялалтыг байгуулах байх. Энэ их хэцүү ч хийхэд урамтай ажил шүү.
-Яагаад “Милан”-д бразилчууд олноороо тоглодог юм бэ?
-Энэ үнэн. Италийн хөлбөмбөгийн философийн талаар бүгд мэддэг шүү дээ. Бразилчууд довтолж тоглох дуртай. Тиймээс л “Милан” тэднийг урьдаг. Хэдэн арван жилийн өмнөөс л “Милан” өөр хөлбөмбөг тоглодог онцгой баг байсан шүү дээ.
-Гэхдээ Италийн бусад багуудын тактик нь нууц биш. Эхлээд хамгаалъя дараа нь харъя гэсэн зорилготой байдаг биз дээ?
-Ерөнхийдөө тийм л дээ. Өрсөлдөгчид маань хамгаалалтыг эрхэмлэдэг ч би Италид аз жаргалтай он жилүүдийг өнгөрүүлсэн. Энд би ер уйдаж байсангүй. “Милан”-д ирсэн эхний өдрөөс хамгаалалтад илүү ажиллах хэрэгтэйгээ ойлгосон. Италид сэтгэл зүйн хувьд төлөвшиж, илүү их томоожсон гэж боддог шүү. Харин одоо өөр орчинд, Испанийн лигт тоглох боллоо. Ла лигт хамгаалалтыг тэгж их урдаа тавьдаггүй болохоор би бразил хүн гэдгээ улам ч их мэдрэх байх.
-Та Италид төлөвшсөн гэлээ. Одоо шинэ орчинд ирээд дээрх зуршлаа хаях уу. Итали, Испанийн лигийн ялгаа юунд байна?
-Үгүй ээ. Ингэж ярих нь буруу. Энд тактикийн хувьд бага шаардлага тавьдаг. Довтолж буй тоглогч илүү эрх чөлөөтэй байдгийг би сайн зүйл гэж боддог. Жишээ нь “Барселона”-гийн Чавиг хар. Тэр энд өсөж, дэлхийн шилдгүүдийн нэг болж чадсан шүү дээ.
-Одоогийн “Реал” “Барса”-г дагах ёстой гэсэн бодол танд төрдөг үү?
-Огт зөвшөөрөхгүй. “Барселона” -гийн жишээ хөлбөмбөгийн хувьд сайхан зүйл гэдэгт эргэлзээ байхгүй. Гэвч Хорхе Вальдано нэгэнтээ “Реал” “Барса” шиг байх ёсгүй. Бид яаж тоглож байсан түүгээрээ л тоглох ёстой” хэмээн зөв хэлсэн. Бидэнд өөрсдийн гэсэн тоглолтын стиль бий шүү дээ. Түүгээрээ бид үзэгчдийг илүү их татаж чадна. Харин түүнд хүрэхийн тулд эхлээд тодорхой тэнцвэрээ олох хэрэгтэй.
-“Реал” саяхан л Испанийн аваргын тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн шүү дээ. Тэд ийм их өөрчлөлтийг юунд хийх болов?
-Энэ бол “Реал”-ын агуу гэдгийг батлах нэг үзүүлэлт юм. Манай багийн хөгжөөн дэмжигчид хэдийнээс л ялахыг, сэтгэл ханамж авахыг, авьяслаг хөлбөмбөгчдийг харахыг хүссээр ирсэн.
-Гэвч авьяас дандаа ялахгүй шүү дээ?
-Энэ үнэн. Хэрэв баг эмх замбараатай байхгүй бол дан ганц авьяасаар тийм ч олон хожил авч чадахгүй. Чухам үүнд л “Реал”-ын агуу их хариуцлага байгаа юм. Би ахиад л Бразилын шигшээ багийнхаа тухай ярих нь. 2006 онд Германд болсон ДАШТ-д манайх ямар гайхамшигтай бүрэлдэхүүнтэй байлаа. Бидэнд Роналдо, Роналдиньо, Робиньо, Адриано нарын авьяаслаг, дээд зэрэглэлийн хөлбөмбөгчид байсан ч эмх цэгц дутсанаас болж Зидан тэргүүтэй францчуудад ялагдаж билээ. Энэ миний хөлбөмбөг тоглосноосоо хойш амссан хамгийн гашуун хожигдол байлаа.
-Тэгвэл Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Милан”-ы “Ливерпуль”-д хожигдсоныг асуугаагүй байсан нь дээр юм байна даа?
-Тэр бол итгэхийн аргагүй зүйл. Миний өөрийн нүдээр харсан хамгийн том гайхмаар үйл явдал юм даа.
-“Реал”-ыг эсэргүүцэгчдийн тухай ярилцъя. Нэг дор ийм олон од байгаа нь үзэн ядалтыг төрүүлдэг гэж та боддог уу?
-Би үзэн ядалтад итгэдэггүй. Бусад багийн хувьд атаархал байж магадгүй л дээ. Энэ бол бодит зүйл. Харин үзэн ядалт бол шал өөр юм. Би л хувьдаа үүнийг ойлгодоггүй. Би нэг багийг дэмжиж чадна. Харин бусдыг нь үзэн ядаж чадахгүй. Би Месси, Чави, Ибрахимовичтой гээд “Барса”-г үзэн яддаггүй шүү дээ. Харин ч өрсөлдөгчид маань ийм хүчирхэг байгаа нь Испанийн АШТ-ий сонирхолтой болгоно.
-Та гоол оруулах, дамжуулалт өгөхийн алийг нь илүүд үздэг вэ?
-Гоол хийх сайхан байдаг. Мөн оновчтой дамжуулалт өгөх ч дуртай. Аль нэгийг онцолж чадахгүй нь. Би “Реал”-д торгуулийн цохилт ч гүйцэтгэх болно. Гэхдээ зарим үед Криштиану Роналдуг цохиулж байгаарай гэж дасгалжуулагч хэлсэн.
-Хэрэв Рибери танай багт ирвэл яах вэ?
-Тэгвэл маргалдах л болох байх даа. Тэр биднийг ДАШТ-ээс хассан Францын багийн бүрэлдэхүүнд байсан. Тиймээс би түүнд хэдэн “эелдэг” үг хэлнэ ээ /инээв/. Тэр бол гайхамшигтай хөлбөмбөгч.

4 сэтгэгдэл:

maRsy. said...

Ribery-tei hereldhenedee Kaka min KK

Zipper said...

Тхх, Бас их даруухан гэдэг нь харагдаад байгааз
Нээх магткү мөртлөө аймар муулах ч гүү.
Рибери сугаар яахавдээ.
Реал-д Кака байгаа юм чинь

JokER!! said...

tgsne ter bol gaixamshigta jkshg.. xaxa

Anonymous said...

саяхан аваргуудын лигийн хагас пиналд "Реал" "Баярн мюнхэн" тэй өрсөлдөж харамсалтайгаар ялагдсан тоглолт 2-1 харьцаатай өндөрлөсөн ч сүүлийн шийдвэрлэх торгуулын цохилтоор Какагийн цохилт даан ч нэмэр болоогүй нь харамсалтай.

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs